Хорооны шийдвэр

“ИЙГЛ НЬЮС” ТВ МОБИКОМ КОРПОРАЦИЙН ТАЛААР БАТАЛГААТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ЧАДСАНГҮЙ
“ИЙГЛ НЬЮС” ТВ МОБИКОМ КОРПОРАЦИЙН ТАЛААР БАТАЛГААТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ЧАДСАНГҮЙ

“ИЙГЛ НЬЮС” ТВ МОБИКОМ КОРПОРАЦИЙН ТАЛААР БАТАЛГААТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ЧАДСАНГҮЙ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2019 оны I улирлын ээлжит хурал гуравдугаар сарын 29-ний өдөр болж нэг гомдол хэлэлцсэн нь Мобиком корпорациас “Ийгл ньюс” телевизээр нэвтэрсэн мэдээлэлд хаяглан ирүүлсэн гомдлыг хэлэлцлээ.

“Ийгл ньюс” телевизийн 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Eagle news” мэдээллийн хөтөлбөрөөр “Мобикомынхон давуу эрхээрээ далайлгаж, хэрэглэгчид дальдирсаар  байх уу” гэсэн мэдээ цацагдсан бөгөөд энэхүү мэдээлэлд Мобиком корпораци хэрэглэгчдэд санал болгож байсан үйлчилгээний багцын төрлөө хумиж, хоёрхон багц болгосон нь хэрэглэгчдийг сонголтгүй болгож байгаа нь “шулуухан хэлэхэд луйвар, хулгай юм” хэмээн мэдээлжээ.

Энэхүү мэдээлэлд дурдсан зүйлтэй Мобиком корпораци санал нийлэхгүй байгаа учраас “Ийгл ньюс” телевизийн энэхүү мэдээлэл нь баримт нотолгоогүй, мэдээллийн үнэн бодит байдлыг мушгин гуйвуулсан, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, компанийн нэр хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд түгээсэн, хариуцагчаас тайлбар аваагүй, сэтгүүлч хувийн үзэл бодлоо оруулсан гэж үзэн гомдол ирүүлсэн.

РВТ-ийн Ёс зүйн хороо энэхүү гомдлыг хэлэлцээд “Ийгл ньюс” телевизийн мэдээ нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн байна гэж үзлээ. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.6, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэлээ.

Энэ мэдээнд хамгийн гол нь эх сурвалжаас мэдээлэл аваагүй байгаа, мэдээллээ баталгаажуулаагүйг онцлон тэмдэглэлээ.

Ёс зүйн зарчмын 1.1-д “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.2-т “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”, 1.6-д “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”, 1.8-д “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг тус тус зөрчжээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гомдол хүлээж авах, барагдуулах журмын дагуу гомдолд нэр дурдагдсан редакцаас тайлбар авдаг боловч “Ийгл ньюс” телевизийн редакц тайлбараа ирүүлээгүй юм.

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД