Засгийн газраас 2021.11.24-ний өдөр Улсын Их Хуралд Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьж, Улсын Их Хурлын чуулганы 2022.01.06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ХМЗ-өөс Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүдэд дараах шаардлагыг хүргүүллээ.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болгон өөрчлөн боловсруулсан байх бөгөөд тус төсөл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т баталгаажуулсан нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх, түүнд хамаарах “олон нийтийн байгууллага”-ыг дараах байдлаар хязгаарласан байна.
1/ Үндсэн хуулийн зохицуулалтыг гажуудуулсан
Хуулийн төслийн зохицуулалт нь Иргэний хуулийн 33.2-т “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна” гэснийг баримталж, Үндсэн хуулийн үзэл баримтлалаас явцуурсан байна. Энэ нь төрийн бус байгууллагын хэлбэр, нэрийн зохицуулалтаар дамжуулан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т заасан нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхэд хамаарах “олон нийтийн байгууллага”-ыг хязгаарласан байна.
2/ Иргэний нийгмийн байгууллагыг Засгийн газраас хэт хамааралтай болгосон
Олон нийтийн буюу төрийн бус байгууллагын хувьд Засгийн газрын үйл ажиллагааг иргэний нийгмийн хүрээнд хянах, үйл ажиллагаагаа төрөөс хараат бусаар, өөрийгөө удирдан хууль тогтоомжийн хүрээнд явуулах зарчмыг алдагдуулсан байна.
Энэ нь Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн байгууллага болон Засгийн газрын зүгээс иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд дангаар өргөн хүрээнд оролцох гэж байгаагаар илэрч байна.
Тухайлбал, хуулийн төслийн 4.1.5-д зааснаар “мэргэжлийн холбоо” гэж тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн асуудлыг хариуцсан байгууллагаас зөвшөөрөл авсан хуулийн этгээд юм. Энэхүү төслийн 33.5.4-т зааснаар мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах журам, ёс зүйн дүрмийг баталж, мөрдүүлэхийн тулд “мэргэжлийн холбоо” байх шаардлагатай бөгөөд “Хэвлэл мэдээллийн зөвлөл”-ийн хувьд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим баталж, мөрдүүлэх чиг үүрэгтэй, олон улсын жишгээр байгуулагдсан байгууллагын хувьд заавал “мэргэжлийн холбоо” гэж тооцогдох, улмаар төрийн байгууллагаас эрхээ авах ёстой болж байна. Ингэснээр төрийн үйл ажиллагаанд хараат бусаар хяналт тавих, шаардлагатай тохиолдолд шүүмжлэл өрнүүлэх чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг үл хайхарч, зөвхөн уншигч, үзэгч, сонсогчдынхоо хяналт дор ёс зүйн өндөр хариуцлагаа хүлээдэг хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын тогтолцоог үгүйсгэж байна.
Хуулийн төслийн 33.5.1.салбарын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих ажиллагаанд гишүүдээ төлөөлөн оролцох гэж заасан нь Хэвлэл мэдээллийн зөвлөл шиг нийгэмд үйлчилдэг ТББ-ууд эрх зүйн асуудал дахь оролцоог үгүйсгэсэн зохицуулалт болжээ.
Хуулийн төслийн 33.10-т мэргэжлийн холбоог сонгон шалгаруулах, хамтран ажиллах журмыг Засгийн газар батална гэж, 33.1-т тухайн салбар дахь мэргэжлийн холбоог сонгон шалгаруулах, хамтран ажиллах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн асуудлыг хариуцсан байгууллага шийдвэрлэнэ гэж, 33.9-т тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн асуудлыг хариуцсан байгууллага нь энэ хуулийн 33.2, 33.3-т заасан шаардлагыг хангахгүй болсон, эсхүл энэ хуулийн 31.1.4-т заасан үндэслэлээр мэргэжлийн холбооны эрхийг хүчингүй болгоно гэж тус тус заасан.
Энэ нь Засгийн газар, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт дуу хоолойгоо хүргэх иргэний нийгмийн байгууллагуудыг “мэргэжлийн холбоо” нэрийн дор Засгийн газар, сайд, Улсын Их Хурлаас байгуулдаг төрийн байгууллагын зүгээс үйл ажиллагаанд нь зөвшөөрөл өгөх, тэрхүү зөвшөөрлийг хүчингүй болгох, улмаар зөвхөн Засгийн газар, сайд, Улсын Их Хурлаас байгуулдаг төрийн байгууллагуудад таалагдсан байгууллагуудыг үлдээх, иргэний нийгмийн орон зайг хумих үр дагавартай байна.
Хуулийн төслийн 8.3-т холбоогоор гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийн жагсаалтыг Засгийн газар батална гэж, 8.4-т төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын чиг үүргийг холбоогоор гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг сонгон шалгаруулалтын дүн болон тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар гаргана гэж, 8.8-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор холбоог сонгон шалгаруулах, гэрээ байгуулах болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих журмыг Засгийн газар батална гэж тус тус заасан.
Энэ нь Засгийн газрын гишүүний үзэмж, дур зоргыг хязгаарлаагүй нөхцөлд тэрхүү Засгийн газрын гишүүнээс хамааралтай, “дуулгавартай” төрийн бус байгууллага бий болгох эрсдэлтэй байна.
Хуулийн төслийн 35.3-т төрөөс тэргүүн ээлжид дэмжлэг үзүүлэх нийтэд тустай үйл ажиллагааны чиглэлийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан Засгийн газар 2 жил тутам тогтооно гэж, 37.3-т нийтэд тустай үйл ажиллагааг дүгнэх, нийтэд тустай үйл ажиллагааг тогтмол, эсхүл хариу төлбөргүй эрхэлж байгаа ашгийн төлөө бус хуулийн этгээдэд дэмжлэгийг үзүүлэх нөхцөл, хугацаа, журмыг Засгийн газар батална гэж тус тус заажээ.
Энэ нь Засгийн газраас иргэний нийгмийн байгууллагыг дэмжих нэрээр түүнийг өөрөөс хараат, хамааралтай болгох эрсдэлтэй байна.
Хуулийн төслийн 38.9-т Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн 9 иргэнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Ерөнхий сайд батламжилна гэж, 38.12-т тус Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалт явуулах, чөлөөлөх, урамшуулал олгох нарийвчилсан журмыг Засгийн газар батална гэж, 39.4-т тус Зөвлөл нь жилийн үйл ажиллагааны тайлангаа дараа жилийн эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулна гэж, 40.1-т Зөвлөл нь иргэний нийгмийн нийтлэг хөгжил, чадавхыг бэхжүүлэх, нийтэд тустай үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, иргэний нийгмийн талаарх судалгаа шинжилгээ хийх, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилго бүхий Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих мөнгөн хөрөнгийн данстай байна гэж, 40.5-д тус дансанд дахь хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална гэж тус тус заасан.
Энэ нь Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл нь Засгийн газраас бүрэн хамааралтай байх эрсдэлтэй байх бөгөөд тус зөвлөлөөр дамжуулан иргэний нийгмийн байгууллагуудыг хараат, хамааралтай болгоход чиглэсэн байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т баталгаажуулсан нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг бүдүүлгээр зөрчсөн Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөө татан авахыг шаардаж байна.