Редакторуудын ээлжит уулзалт боллоо

Редакторуудын ээлжит уулзалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэх, ойлголтоо нэгтгэх, гарц шийдэл хайх зорилгоор редакторуудын уулзалтыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн ээлжит уулзалт 2022.06.30-нд болж, “Дайн, зэвсэгт мөргөлдөөний үеийн хэвлэл мэдээллийн ёс зүй” сэдвийн хүрээнд өрнөлөө. 

 

Уулзалтын эхэнд олон улсын харилцаа судлаач, сэтгүүлч Ц.Сувданцэцэг зөрчил, мөргөлдөөний үед хэвлэл мэдээлэл ямар түүхэн үүрэгтэй ажиллаж ирсэн хийгээд ямар ёс зүйн дүрмийг баримтлан ажиллаж байсан тухай судалгааны дүн танилцуулав. Үүнд тулгуурлаад сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалд сэтгүүлчид хэрхэн ажиллавал үзэл суртлын болон мөргөлдөөнийг даамжруулах хэрэгсэл болохгүйгээр олон нийтийн төдийгүй үндэсний эрх ашигт нийцсэн мэдээлэл түгээх, мөн өөрийн аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмжийг хүргэсэн юм.

 

Үүний дараа Товч.мн сайтын сэтгүүлч О.Эрдэнэдаваа ОХУ, Украины хооронд өрнөж буй үйл явцыг мэдээлж, сурвалжилсан туршлагаа хуваалцлаа. Түүний тухайд хэдийгээр тус орчин нөхцөл нь хязгаарлалттай хийгээд хурдтай ажиллахыг шаардаж байсан ч дайны хөлд нэрвэгдсэн иргэдийн амьдрал ямар байна гэдгийг бодитоор сурвалжилж, мэдээлье гэсэн зорилгын хүрээнд ажилласнаа хэлэв. Мөн энэ үйл явц нь зөвхөн цэрэг зэвсгийн бус, мэдээллийн дайн болон өрнөж буйг онцолсон билээ. 

 

Уулзалтад оролцсон редакторууд үйл явцыг мэдээлэхэд хоёр талын байр суурийн тэнцвэрийг хадгалах, мэдээллийг баталгаажуулах, албан болон хөндлөнгийн эх сурвалжийг нэмэгдүүлэх зэргээр туршлагажин ажиллаж буйгаа хэллээ. Мөн зөвхөн болж буй үйл явцыг, хор хохирлыг мэдээлээд өнгөрөх бус цаана өрнөж буй зөрчлийг, учир шалтгааныг ухаж тайлбарлах, олон улсын нийгэм, эдийн засгийн асуудал гэдэг үүднээс хандах шаардлагатайг ярилцав.   

 

Уулзалт, хэлэлцүүлгийг дүгнэн ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Дайн, зэвсэгт мөргөлдөөн зэрэг онцгой нөхцөлд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримтлан ажиллах нь аливаа эрсдэл, алдаанаас сэргийлсэн хэвээр байна” хэмээгээд сэтгүүл зүй  нийгэмд ой санамж нь болж, зөрчилт асуудлыг дэврээхгүй байхад анхаарч ажиллах нь чухал юм гэв. Түүнчлэн хөндлөнгийн эксперт, судлаачдыг эх сурвалж болгох, тайлбар нэршлийг тогтоох дээр санаачилгатай ажиллах, аливаа ялгаварлан гадуурхлаас ангид байж иргэд, олон нийтийн дунд сэтгүүл зүйн нэр хүндээ авч үлдэх хэрэгцээ, шаардлага байгааг онцоллоо. Цаашлаад энэ мэт хямралын үед хэвлэл мэдээлэл, баримт шалгагчид, төрийн байгууллагынхан, судалгааны хүрээлэнгүүд зэрэг оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал бөгөөд аливаа хямралт нөхцөлд хэвлэл мэдээллийнхэн бэлтгэлтэй байх нь чухлыг өгүүлэв.   

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.