Мэдээ, мэдээлэл

Бүх гишүүдийн сургалт боллоо
Бүх гишүүдийн сургалт боллоо

Бүх гишүүдийн сургалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-өөс зохион байгуулдаг бүх гишүүдийн ээлжит сургалт аравдугаар сарын 28-нд боллоо. 

 

Сургалтыг нээж ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга С.Шаравдорж “Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж ес дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд ёс зүйн хороодын хурал амжилттай болж, ирсэн гомдлыг тухай бүрд нь шийдвэрлэж байсан бөгөөд үүнтэй уялдуулан ажлын алба нь ёс зүйн хороодын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад тусалж, чиглүүлэх үүргээ хэрэгжүүлсээр ирлээ. Энэ жилийн хөтөлбөрт ёс зүйн зарчимдаа өөрчлөлт оруулах, нэр томьёог эргэж харах, зарим зүйл заалтыг тодотгох санал хэлэлцэх шаардлагатай. Мөн ХМЗ-ийн үйл ажиллагаанд түшиц болох санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох талаар шийдэл, гаргалгааг гишүүдэд танилцуулж, саналуудыг нэгтгэх хэрэгтэй байна” гэв.

 

 

Мөн ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа энэ жилийн сургалтын онцлог, үр өгөөж, хүлээж буй үр дүнгийн талаар танилцууллаа. 

 

 

Үргэлжлүүлэн, ХМЗ-ийн хараат бус зөвлөх Д.Нарантуяа Ёс зүйн хорооны хурлын шийдвэр, хэрэгжилтэд анхаарах санал зөвлөмж өгсөн юм. Ингэхдээ 2023 оны эхний арван сард ХМЗ-д ирүүлсэн гомдол, түүний шийдвэрлэсэн байдлыг нэгтгэн танилцуулж, хамгийн их зөрчигдөж байгаа ёс зүйн зарчмууд нь 1.1, 1.2, 1.3 байгааг хэллээ. Дүн шинжилгээний үр дүнд, мэдээллээ нягтлах, эх сурвалжаар баталгаажуулах, тэнцвэртэй мэдээлэх зэрэг сэтгүүлчийн мэргэжлийн үндсэн зарчмууд мөрдөгдөхгүй хэвээр байгааг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчийн цахим орчинд ажиллах мөрдлөгийг тодотгож, шууд /live/ дамжуулалтад мэргэжлийн ёс зүйн зарчмаа баримталж ажиллах агуулгаар хороод саналаа нэгтгэх шаардлагатайг хэллээ.

 

 

Түүнчлэн Радио, Телевизийн ёс зүйн хорооны гишүүн Д.Идэржаргал Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд нэмэлт өөрчлөлт оруулах, үндэслэл, хэрэгцээ шаардлагын талаар ярьсан бол Радио, Телевизийн ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны дарга Х.Болормаа нар ёс зүйн зарчимд нэмэлт өөрчлөлт оруулах хороодын саналыг танилцуулсан юм.

 

Сургалтын үр дүнд гишүүдийн ёс зүйн зарчимд оруулах саналуудыг харьцуулан судалж, эцэслэн нэгтгэхээр ажлын хэсэг байгууллаа.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД