Мэдээ, мэдээлэл

Цаасан сонин, цахим сайтын хослол шинэ үеийн “Зууны мэдээ”
Цаасан сонин, цахим сайтын хослол шинэ үеийн “Зууны мэдээ”

Цаасан сонин, цахим сайтын хослол шинэ үеийн “Зууны мэдээ”

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн санаачилгаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг таниулан сурталчлах зорилгоор бүтээж буй “Редакцын буухиа” үргэлжилж байна.

Цаасан хэвлэлийн зах зээл өдрөөс өдөрт хумигдаж, цахим мэдээллийн сувгууд борооны дараах мөөг шиг олширсон энэ цагт уламжлалт хэлбэр, үнэ цэнээ алдаагүй үлдсэн цөөхөн өдөр тутмын сонины нэг нь “Зууны мэдээ”. Энэ нь цаг үеийн өөрчлөлтийг өдөр тутмын ажилдаа тусгаж, шинэчлэгдэж ирснийх аж. Тэд бол өөрсдийн тогтсон соёл, стандарт, дэг сургууль, уламжлалаа хадгалахын зэрэгцээ цахим шилжилт, техник технологийн дэвшлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн мэргэжлийн редакцынхан.

 

Биднийг сурвалжлахаар очиход редакцын өглөөний шуурхай эхэлж байв. Онлайнаар шуурхайгаа хийх соёлыг энэ хамт олон хэвшүүлээд гурван жил болжээ. Зөвхөн пүрэв гарагт л өглөө редакцадаа цуглаж шуурхай хурлаа хийнгээ, шинэ соргог мэдээлэл өгөх, мэдлэг нэмэх зочдыг урьж заншжээ.

 

Их хотын завгүй амьдралын хэмнэлд цахимаар хуралдахын давуу тал олон. Өглөө бүр хичээл сургууль эхлэх замын түгжрэлтэй зэрэгцэн шуурхайдаа амжих гэж яарч сандрахын зовлон үгүй. Сэтгүүлчид байгаа газраасаа цахимаар холбогдож, хуралдаа оролцох нь цаг зав хэмнэхээс гадна, бусад ажлаа амжуулах боломж олгодог байна. 

Zoom-ээр холбогдсон сэтгүүлчид өнөөдрийн үйл явдлаа багцалж, хийх ажлаа хуваарилж, сонины төлөвлөгөөгөө нарийвчлан гаргалаа. Үүний дараа өнөө өглөө уншигчдын гарт очсон шинэхэн сониныхоо алдаа оноог нэг бүрчлэн ярилцав. 

Энэ дунд эх сурвалжийн хүйсийн харьцааг тэнцвэртэй байлгахад анхаарч ажилладаг нь шинэлэг санагдлаа.  Мөн эх сурвалжийн бүртгэлийн хуудсыг тогтмол хөтлөх болсноор эх сурвалжуудын хүйс, тоо болон гурван түвшний эх сурвалжийг ямар байдлаар нийтлэлдээ тусгаснаа өглөө бүр дүгнэн бүртгэж хэвшсэн байна.

 

Тодруулбал, “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт 17 эх сурвалжийн мэдээлэл оржээ. Тэдний зургаа нь мэргэжлийн бүлгийн судлаач, шинжээчид, найм нь сонирхогчдын бүлэг буюу тухайн асуудалтай хамаарал бүхий эх сурвалж, харин үр дагавар хүртэгсдийн буюу олон нийт, энгийн иргэдийн төлөөллийн байр суурь гурвыг оруулсан байв. 

 

Тиймээс “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал дараагийн дугаартаа үр дагавар хүртэгсэд буюу олон нийтийн төлөөллийг бусад эх сурвалжтай эн тэнцүү байдлаар оруулахыг анхааруулсан нь мэргэжлийн редакцын онцлогийг тов тодорхой харуулж байлаа. 

 

С.Уянга “Зууны мэдээ” сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга

 

 

“Зууны мэдээ” сониныхон редакцаараа Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачилсан “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрт хамрагдсанаар жендэрийн мэдрэмжтэй мэдээлэхэд онцгойлон анхаарах болжээ. Үр дүнд нь “Хэвшмэл ойлголтоо өөрчилье”, “Эмэгтэйчүүдийн манлайлал” нэртэй хоёр булан шинээр санаачилсан байна. 

“Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа мэргэжил сонголт, ажил хөдөлмөр эрхлэх, спортоор хичээллэх, хоббигоо хөгжүүлэхэд хүйс хамааралгүй гэсэн утга агуулгаар хүмүүсийн жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор 40 гаруй цуврал нийтлэл хүргээд байна. Эдгээр материалуудаа нэгтгээд цахим ном гаргажээ. 

Бичлэг үзэх: 

 

“Эмэгтэйчүүдийн манлайлал” буландаа эмэгтэй улстөрч, бизнес эрхлэгч, манлайлагчдыг эрчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж, 70 гаруй цуврал материал гаргасан байна. 

“Зууны мэдээ” сонин Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд анх удаа Их Британийн “ВВС” мэдээллийн агентлагийн “Тэгш байдлын 50:50 төсөл”-ийн албан ёсны түнш болон ажиллаж эхэлснээр эх сурвалжийнхаа хүйсийн харьцааг 50:50 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Ингэснээр хүйсийн тэнцвэрийг хангасан бүх талын эх сурвалжтай, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй материалыг уншигчдадаа хүргэх боломж бүрдээд байна. /”Зууны мэдээ” сонины хоёрдугаар нүүрний доод буланд байршуулсан QR кодыг уншуулж, редакцын бодлоготой танилцах боломжтой. https://www.zms.mn/p/2 /

 

Х.Мөнхжаргал “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга 

Өдөр тутмын сонины мэргэжлийн “гал тогоо”

“Зууны мэдээ” сонин цаг үеэ мэдэрч, нийгмийн хэвшмэл ойлголтыг халахын тулд редакцын бодлого, чиглэлээ шинээр тодорхойлсон байна. Үүнийг дагаад сэтгүүлчид нь ч бас өөрчлөгдөх учиртай. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид боловсрол, мэдлэг, хандлагын хувьд уншигчдаа дагуулж, урд нь алхаж байж тухайн хэвлэл урт удаан оршин тогтнох боломж бүрдэнэ. 

 

Ийм ч болохоор сэтгүүлчдийнхээ сурч, хөгжих боломжийг бүрдүүлэх нь тэдний “үндсэн ажил”-ын нэг болжээ. Өнөөдөр л гэхэд “Зууны мэдээ”-гийн нэг сэтгүүлч докторт, хоёр сэтгүүлч магистрт, хоёр сэтгүүлч санхүүгийн мэргэшүүлэх сургалтад, нэг сэтгүүлч маркетингаар сурч байна. Эдгээр сэтгүүлчдийг хичээлийн хуваарийн дагуу ажлаас нь бүрэн чөлөөлж өгдөг аж. 

 

Түүнээс гадна, сэтгүүлчдэд зориулсан богино хугацааны сургалтыг ч “Зууны мэдээ” алгасаж байсангүй. Ингэж сэтгүүлчдэд өөрсдийн сонирхсон чиглэлээр суралцах боломжийг гаргаж өгснөөр цаашид аль нэг салбараар мэргэших боломж бүрддэг байна. Нэг сэтгүүлч бүх салбарыг мэддэг биш, нэг чиглэлээр мэргэшиж дагнах нь хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх нэг үндэс суурь болно гэдгийг онцолж байна. 

 

Д.Оюунчимэг “Зууны мэдээ” сонины Эдийн засаг, экологийн албаны дарга

 

Сэтгүүлчид мэргэшиж суралцах тусам ажилдаа шимтэж, илүү урт хугацаанд тогтвортой ажилладаг байна. Ийм ч болохоор “Зууны мэдээ”-гийн сэтгүүлчид редакцадаа тогтвор суурьшилтай олон жил ажиллаж ирсэн. Тэдний нэг нь тоймч Б.Нямсүрэн. Түүний хувьд сониндоо 2007-2013 оны хооронд ажиллаж байгаад хэсэг хугацаанд АНУ-д суралцаад эргэж иржээ. 

 

 Б.Нямсүрэн “Зууны мэдээ” сонины тоймч

 

“Зууны мэдээ” сонин нь Улс төрийн мэдээлэл, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээлэл, Эдийн засаг, экологийн мэдээлэл, Нийгэм танин мэдэхүй мэдээлэл, Гэрэл зураг, компьютерын албатай. “Амьдралын тойрог”, “Leaderships forum”, “Удмын бахархал”, “Эгэл Монгол”, “Трэнд зочин”, “Төрийн хишигтэн”, “Нэгдүгээр хүн” зэрэг тогтмол булангууддаа ховор сонирхолтой зочин урьж ярилцахаас гадна сайн сайхан амьдралын түүхийг бичиж үлдээдэг. 

Мөн “Улс төр хөшигний ард”, “Үйл явдлын мөрөөр” зэрэг булангууддаа улс төр, нийгмийн асуудлаар уншигчдын хэдийн унших дуртай болсон нийтлэлүүдийг бичдэг аж. 

Энэ сонины бас нэгэн чимэг нь арын нүүрэнд гардаг “Соёл гэгээрэл” булан. 

 

Ч.Гантулга “Зууны мэдээ” сонины Нийгэм, танин мэдэхүйн албаны дарга

Энэ булангийн Монгол бичгээр бичсэн материалуудыг сэтгүүлчид өөрсдөө гараараа бичдэг. Мөн 14 хоногт нэг удаа мартагдсан өв соёлыг сэргээж, таниулах зорилгоор “Өв тээгчид” цуврал гаргадаг байна.

Өдөр тутмын сонин зөвхөн сэтгүүлчдийн хөдөлмөрөөр бүтдэггүй. Ард нь тэдний хийсэн бүтээлийг уншигчдад сонирхолтой, үзэмжтэй, өнгө зүстэй байдлаар хүргэхийн тулд Гэрэл зураг, компьютерын алба ажилладаг. Хэвлэлд ямар нэг байдлаар гарч буй эх сурвалж бүр “хөөрхөн” харагдах ёстой гэж тэд үздэг. Үүний тулд гэрэл сүүдрээр урлана, макет дизайн дэглэнэ.  

 

Б.Энх-Өлзий Компьютер, дизайн, гэрэл зургийн албаны дарга

 

Тэрээр "Эх бэлтгэл бол сонины нүүрийг эргүүлэхэд уншигчдын нүдэнд хамгийн түрүүнд тусдаг учраас сонирхолтой, шинэлэг, “өөр” байх хэрэгтэй. Эх бэлтгэгч, сэтгүүлч, зурагчин гурвын хамтын ажиллагааны үр дүнд сайн сонин хэвлэгддэг. Сониноо хэвлэлтэд шилжүүлсний дараа л санаа амардаг даа" гэсэн юм. 

 

“Зууны мэдээ” сонин нь анх 1991 оноос “Засгийн газрын мэдээ” нэртэй төрийн хэвлэл байсан ч хувьд шилжин 1999 оноос энэ нэрээрээ гарч эхэлжээ. 32 жилийн түүхтэй энэ редакцад ажиллаж буй ахмад сэтгүүлч нь энэ жил 30 дахь жилдээ ажиллаж буй Д.Цэрэннадмид.

 

Д.Цэрэннадмид “Зууны мэдээ” сонины тоймч, Соёлын гавьяат зүтгэлтэн

Өнгөрсөн 32 жилийн хугацаанд “Зууны мэдээ”-гийнхэн өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгож, сайжруулсаар иржээ. Иймээс тэд сонин бүтэх болон материал бэлтгэх шаардлага, стандартаа баталж гаргасан байна. Дүрслэл, баримт, эшлэл гэх мэтээр нэг бүрчлэн заасан энэ стандартыг шинээр ажилд орсон сэтгүүлч шууд мөрдөөд явах боломжтой. Тэд ингэж залуу халаагаа бэлтгэдэг аж. 

 

“Зууны мэдээ”-гийн Z үеийн таван сэтгүүлчийн нэг нь П.Амгаланбаяр. 

Түүний хувьд ажилд ороод хоёр жил болж байна. Анхны мэдээгээ сонинд гаргачхаад аавынхаа нэр, өөрийнхөө нэрийг хараад төрсөн мэдрэмж нь одоо ч хэвээрээ. Өглөө бүр өөрийнхөө нийтлэлээс овог нэрээ харахад хамгийн гоё мэдрэмж төрдөг. Залуу сэтгүүлчдээ зааж чиглүүлж, сургаж, үлгэрлэж явдаг үе үеийн сэтгүүлчидтэй хамтран ажилладаг болохоор бидэнд мэргэжлээ ойлгох, ажилдаа мэргэжих, чадваржих боломжтой байдгаараа манай сонин онцлогтой гэсэн юм.

П.Амгаланбаяр “Зууны мэдээ” сонины Улс төрийн мэдээллийн албаны сэтгүүлч

 

 

Энэ сонины хамт олон зургаан үеийн насны төлөөллөөс бүрдэж байна. Сургуулиа төгсөөд ажиллаж буй 20 настнаас эхлээд өөрийн биеэр үлгэрлэж, залууст зөвлөдөг 70 гаруй насны ахмад сэтгүүлч ч хамтдаа мөр зэрэгцэн ажилладаг. Өөр өөр үеийн төлөөлөл ажиллаж байгаагийн цаана мөн өөр өөр үе насны уншигчдынхаа эрэлт хэрэгцээг ойлгож, тэдэнд чиглэсэн бүтээл туурвихад давуу талтай аж. Тэдний үйл ажиллагаанд анализ хийсэн хөндлөнгийн шинжээчид хүний нөөцийн бодлогыг нь сайнаар үнэлжээ. 

 

Д.Отгонбаяр “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, доктор /phd/

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 59 сонин, 43 сэтгүүл, 46 радио, 115 телевиз, 188 мэдээллийн сайт нийт 451 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж буйг Хэвлэлийн хүрээлэнгийн “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” мониторингийн тайлангаас харж болно.

 

Энэ өрсөлдөөн дундаас “Зууны мэдээ”-гийн ялгарах нэг онцлог нь мэргэжлийн сэтгүүл зүй. Сонины сэтгүүлчдийн бэлтгэсэн мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл нь түүхийн архивд он цаг улиран сонины хуудас нь шарлан хадгалагдаж үлдэнэ. 

Гэвч тэд сонин ийм л байдаг гээд зогсохыг хүссэнгүй. “Зууны мэдээ” сонинд гарсан материалыг https://www.zms.mn/https://www.polit.mn/ цахим сайтуудаар түгээж байна. Цаашид олон улсын төсөлд хамрагдаж, сонинд гарсан мэдээ, нийтлэлээ аудио, видео зэрэг олон хэлбэрт шилжүүлэн цахим сонин болох эхлэлээ тавиад байна.

Уламжлалт хэвлэмэл сониныг цахим хэлбэртэй хослуулж, мэргэжлийн сэтгүүл зүйд хос морио эмээллэсэн шинэ цагийн “Зууны мэдээ”-гийн редакцаар зочлоход ийм байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ: Peak.mn сайт

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД