Редакц эх сурвалжаа хамгаалах эрхтэй гэв

Редакц эх сурвалжаа хамгаалах эрхтэй гэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурлаар хэлэлцэхийг түр хойшлуулсан гомдлыг  дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хэлэлцлээ.   

Хоёрдугаар сарын 12-ны өдөр “Оюутолгойн тендерийн ХУЛГАЙ Цуврал1: 10 МЯНГАН МОНГОЛ АЖИЛТНЫ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЖ БАЙГАА “10 ХУВИЙН Б.ДУЛАМСҮРЭН”-ГИЙН БУЛХАЙ”, 13-ны өдөр ““ОЮУ ТОЛГОЙ ХХК” ТОЙРСОН БУЛХАЙ ЦУВРАЛ2: “Уужимод” компанийн захирал Б.Эрдэнэ-очир, Оюу толгойн ГУРВАН том даргад олон жил “ХУВЬ” хүртээж, хамтарсан түүх”, 14-ний өдөр “Цуврал3: Оюутолгойн дарга нар тендерийн хулгайгаар “50 сая ам.доллар” хувааж идсэн гэмт хэрэг” гэх гарчигтай нийтлэлүүд гарчээ.

Дээрх нийтлэлүүдийг asu.mn, ubn.mn, zuv.mn, tsahiur.mn, paparazzi.mn сайтууд нийтэлсэн бөгөөд Оюутолгой ХХК-аас тухайн редакцуудыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.8 дахь заалтуудыг зөрчиж байна хэмээн ХМЗ-д гомдол ирүүлсэн. Ингэхдээ редакцуудыг дээрх нийтлэлүүдийг бэлтгэн түгээхдээ тус компанийн удирдах ажилтнуудын нэрийг дурдаж, Оюутолгой компани тендерт оролцож байгаа компаниудын мэдээллийг задлан, зарим ханган нийлүүлэгчдэд давуу тал бий болгодог, худалдан авалтаас бонус авдаг, нэр бүхий байгууллагад давуу байдал бий болгохын тулд Монгол ажилчдаа хүчээр Ханбогд сумруу нүүлгэх гэж байна гэх огт үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд түгээж байна хэмээн буруутгасан юм. Хорооны зүгээс гомдол гаргагч талаас дээрх мэдээллийг үндэслэлгүй, худал гэдгийг нотлохуйц баримт ирүүлэхийг хүсч, 14 хоногийн хугацаа өгсөн боловч хорооны хурлаас өмнө баримт ирүүлээгүй юм.

Харин хариуцагч редакцын зүгээс хариу тайлбар ирүүлсэн бөгөөд тухайн нийтлэлүүдийг эх сурвалжийн өгсөн мэдээллийн дагуу Оюутолгой компанийн үйл ажиллагаатай холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болохуйц нөхцөл байдалтай холбогдуулан нийтэлсэн гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор аж ахуйн нэгж, иргэд хохирч байж болзошгүй талаарх асуудлыг хөндсөн, тодорхой баримтад үндэслэн эх сурвалжаа хамгаалах үүднээс нэрийг нь нууцалсан, Оюутолгой ХХК-ийн байр суурийг авахаар олон нийтэд нээлттэй байршуулсан утасруу нь хэд хэдэн удаа залгасан боловч утсаа аваагүй, хариу өгөөгүй. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашиг зөрчигдөх үйл явц үргэлжлэн гарахаас сэргийлж, эхний шатны нийтлэлүүдийг нийтэлсэн гэсэн юм.

Ёс зүйн хороо дээрх гомдлыг нягтлан хэлэлцээд редакцуудыг эх сурвалжийн өгсөн баримтад тулгуурлан мэдээллээ бэлтгэсэн, гомдол гаргагч тал редакцын нийтэлсэн мэдээллийг няцаах тодорхой баримт ирүүлээгүй, эх сурвалж нь олон нийтэд ил гарснаар аливаа эрсдэл үүсч болзошгүй тул эх сурвалжаа нууцалсан зэргийг үндэслэн редакцууд ёс зүйн алдаа гаргаагүй хэмээн дүгнэв.

Хавсралт

Мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”

1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”
 

Бэлтгэсэн: О.Дүүрэнжаргал /ХМЗ-ийн мэргэжилтэн/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.