“ИРГЭНИЙ НИЙГМИЙН БОДЛОГЫН СУДАЛГАА, ЦААШДЫН АЛХАМ” судалгааны үр дүнг танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо

“ИРГЭНИЙ НИЙГМИЙН БОДЛОГЫН СУДАЛГАА, ЦААШДЫН АЛХАМ” судалгааны үр дүнг танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо

2025 оны 9 сарын 9-нд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс Төрийн бус байгууллагын тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, загвар хуулийн төслийн талаар иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагыг хамарсан гурван талт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь цуврал зөвлөлдөх уулзалт болон зохион байгуулагдаж байгаа ба өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд “Иргэний орон зай ба бодлого боловсруулалт” сэдвээр, мөн зургаадугаар сарын 25-нд “Иргэний нийгмийн санхүүгийн орчин, түүний зохицуулалт ба дэмжлэг” сэдвээр хэлэлцүүлгүүд хийж 40 гаруй төлөөлөлтэй санал солилцжээ. Тус уулзалтуудаар 1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх хэрэгцээ шаардлага төдийгүй, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, загвар хуулийн төслийн судалгаа, өнгөрсөн хугацаанд өргөн барьсан хуулийн төслийн зүйл заалтын тодорхой бус байдлыг оролцогчид удаа дараа илэрхийлсэн байдаг.

Иймд зөвлөлдөх уулзалтын дараа ИНБ-ын хууль эрх зүйн орчны талаар судалгаа хийх хоёр багийг сонгон шалгаруулсан ба өнөөдөр судлаачид судалгааны явцын тайланг хүргэлээ. 

Тухайлбал, судлаач Д.Тэгшбаяр “Төрийн бус байгууллагын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг” танилцуулан, “Иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийн загвар төсөл”-ийн талаар Монголын Залуучуудын Эвслийн зөвлөх, хуульч Т.Энхжаргал илтгэл хэлэлцүүлэв. 

Уулзалтад Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн зэрэг төрийн байгууллага төдийгүй Төрийн бус, Хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй төлөөлөгчид оролцов. 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академи (DWA)-тай хамтран Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын ил тод, бие даасан байдлыг дэмжиж, иргэний нийгмийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар сайн засаглал, нийгмийн эв нэгдэлд хувь нэмрээ оруулах үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. 

Төслийн хоёрдугаар үе шат нь иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, залуучууд зэрэг нийгмийн олон талт бусад бүлгүүдийг төрийн бодлогын хэлэлцүүлэгт татан оролцуулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.