Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс МУИС-ийн ахлах болон төгсөх ангийн оюутнуудад “Бизнес дэх хүний эрх ба хэвлэл мэдээлэл” сэдвээр мэдээлэл өгөх өглөөний уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад “Хэвлэл мэдээллийн социологи” хичээлийг сонгон судалж буй 20 гаруй оюутан хамрагдаж шинэ мэдлэг, мэдээлэл хүлээн авав.
Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг хэрхэн хүндэтгэх, хамгаалах талаар, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд үүнийг хэрхэн тусгасан байдаг тухай, мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд, залуучуудын оролцоо хариуцлагатай бизнесийг төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй талаар сургагч багш Ц.Чимиддондог танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлсөн юм.
Түүнчлэн ХМЗ-ийн ажлын албанаас үйл ажиллагааны чиглэл, зорилго, гол хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч залуучуудын оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
ХМЗ нь Европын Холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийг хамтран хэрэгжүүлж хэвлэл мэдээлэл, оюутан залуучуудад энэ сэдвийн мэдлэг мэдээлэл түгээж байна.