Хэрэглэгдэхүүн (toolkit) боловсруулах зөвлөх сонгон шалгаруулах тухай

Хэрэглэгдэхүүн (toolkit) боловсруулах зөвлөх сонгон шалгаруулах тухай

Хэрэглэгдэхүүн (toolkit) боловсруулах зөвлөх сонгон шалгаруулах тухай: “Хөгжлийн төлөөх эгэх хариуцлага: Иргэний нийгмийн санаачилга” иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах эгэх хариуцлагын зарчмуудын хэрэглэгдэхүүн боловсруулах

"Хөгжлийн төлөөх хариуцлага: Иргэний нийгмийн санаачилга" иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах эгэх хариуцлагын есөн зарчмыг 2025 оны 1-р сарын 31-нд иргэний нийгмийн өдрөөр хэлэлцэн боловсруулсан. Эдгээр зарчим нь хариуцлага, ил тод байдал, нийгмийн эерэг өөрчлөлтийг дэмжихэд чиглэсэн хүний эрхийг дэмжих, хараат бусаар ажиллах, шийдвэр гаргах үйл явцад оролцоог нэмэгдүүлэх зэрэг гол зарчмуудыг тусгасан. Улмаар иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулж, бодлогын өөрчлөлтөд үр дүнтэй нөлөөлөх боломжийг бүрдүүлэхэд чиглэх юм. Энэхүү зарчмуудыг байгууллагын зорилго үйл ажиллагаатай уялдуулах, хэрэгжилтийг үнэлэх, тайлагнах хэрэглэдэхүүн болгон боловсруулах зөвлөх сонгох шалгаруулж байна.

Ажлын даалгаврын хамрах хүрээ:  

  • "Хөгжлийн төлөөх хариуцлага: Иргэний нийгмийн санаачилга" иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах эгэх хариуцлагын зарчмуудыг таниулах, энэ талаарх ойлголтыг дээшлүүлэх; 

  • Зарчим бүрээр байгууллагын зорилго үйл ажиллагаатай уялдуулах, хэрэгжилтийг үнэлэх, тайлагнах хэрэглэдэхүүн боловсруулах;

  • Цахим орчинд байршуулах боломжтойгоор боловсруулах.

Зөвлөхөд тавигдах шаардлага, ур чадвар, туршлага: 

  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон ёс зүйн зохицуулалтын хэм хэмжээний талаар мэдлэг, практик туршлагатай байх;

  • Олон талын эх үүсвэрээс мэдээлэл цуглуулах, судлан шинжлэх, дүн шинжилгээ хийх, найруулан бичих туршлага, ур чадвартай, шинэ санаачилгад нээлттэй;

  • Удирдамж, гарын авлага боловсруулж байсан туршлагатай; 

  • Оролцогч талуудтай ярилцлага хийх, хэрэглэгдэхүүнийг сайжруулах хэлэлцүүлгийг удирдан чиглүүлэх чадвартай;      

Гүйцэтгэх хугацаа: 2026.01.05 - 2026.04.05

 

Дараах материалуудыг нэгтгэн нэг PDF файлаар монгол хэлээр 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор suvda@mediacouncil.mn хаяг руу “ToR: ACS Toolkit” гарчигтайгаар илгээнэ үү: 

  • Хэрэглэгдэхүүний агуулга, боловсруулах төлөвлөгөө

  • Ажил гүйцэтгэх үнийн санал         

  • Хувь хүний намтар (CV), байгууллагын танилцуулга (ижил төстэй удирдамж, гарын авлага боловсруулж хэлэлцүүлж хэвлэн нийтэлж байсан туршлагыг харуулсан байх).

Зөвхөн шалгарсан зөвлөхөд 2026 оны 1-р сарын 5-ны дотор хариу илгээнэ.

ToR_ACS Toolkit

 

Төслийн зорилго: Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академи (DWA)-тай хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд ИНБ-уудын ил тод, бие даасан байдлыг дэмжиж, иргэний нийгмийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар сайн засаглал, нийгмийн эв нэгдэлд хувь нэмрээ оруулах үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. 

Төсөл хэрэгжүүлэгчдийн тухайд: 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь сэтгүүлч, ажил олгогч, салбарын эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын санаачилга, хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны эхээр байгуулагдсан хэвлэмэл, цахим cайт, радио, телевизийн хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага юм. ХМЗ нь олон нийтийн сонирхолд үйлчилснээр хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг мэргэжлийн сэтүүлзүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөд нь тусалдаг. Ингэхдээ бид Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буй иргэн, хуулийн этгээдийн гомдлыг үнэ төлбөргүй бөгөөд шударгаар хэлэлцэж шийдвэр гаргадаг. Түүнчлэн ХМЗ нь хэвлэлийн эрх чөлөө, бие даасан ёс зүйтэй хэвлэл мэдээлэл, хариуцлагатай, ил тод ИНБ-уудыг чадавхжуулан бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах олон талт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 

Дойче Велле Академи (DW Akademie) нь ХБНГУ-ын Дойче Веллегийн олон улсын хэвлэл мэдээллийн хөгжил, сэтгүүл зүйн сургалт, мэдлэгийн солилцооны төв юм. Дойче Велле Академийн төслүүд нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон мэдээлэлд саадгүй хүрэх хүний эрхийг бэхжүүлэхэд чиглэдэг. Дойче Велле Академи нь дэлхийн эргэн тойронд хүмүүсийг найдвартай баримт, бүтээлч хэлэлцүүлэгт тулгуурлан бие даан шийдвэр гаргах чадвартай болгоход дэмжлэг үзүүлдэг. Дойче Велле Академи нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны стратегийн түнш бөгөөд Холбооны Гадаад хэргийн яам, Европын Холбооноос санхүүжилт авч, дэлхийн 70 орчим хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудад идэвхтэй ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.