Мэдээ, мэдээлэл

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН "ХҮЧ" ХЭНИЙ ГАРТ БАЙНА ВЭ?
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН "ХҮЧ" ХЭНИЙ ГАРТ БАЙНА ВЭ?

Дижитализм бол соёлын дөрөв дэх том хувьсгал. Дэлхийн 140 гаруй орны 2500 орчим сэтгүүлчид оролцсон “Глобал медиа форум” тавдугаар сарын 27-28-нд ХБНГУ-ын Бонн хотноо боллоо. Арван хоёр дахь удаагaa зохион байгуулагдаж буй энэхүү форум нь “Хүчнүүдийн шилжилт” (shifting powers) сэдвийн дор болж, хэвлэл мэдээллийн хүчийг хэн атгаж байна, тэр нь сэтгүүл зүйн хараат бус байдал, чанарт хэрхэн нөлөөлж буйг хэлэлцсэн юм.  

 

Германы хэвлэн нийтлэгчдийн холбооны тэргүүн Матияас Дөпнер “Хэвлэл мэдээллийн хүчний тэнцвэрт байдлыг дижитал орчинд хангахын тулд интернет нь төрийн хяналт, эрх мэдлээс ангид, хараат бус байх ёстой”-г онцолсон юм. Мөн тэрбээр даяаршиж буй хэвлэл мэдээлэлд технологийн хөгжил, бизнесийн шинэ загвар, улс төрийн манлайллын үнэт зүйл хамгийн ихээр тулгамдаж байна гэлээ.

 

Технологийн эрин үед датаг хэн эзэмшиж, хэрхэн хамгаалж байна. Хэвлэл мэдээлэл тогтвортойгоор оршин тогтнохын тулд санхүүжилтын ямар шинэ хэлбэрүүдийг эрэлхийлж байна. Сэтгүүлчид төдийгүй улс төрчид технологийн дэвшлийг ашиглах болсноор итгэл үнэмшил, үнэ цэнэтэй мэдээлэл хаана байна зэрэг олон сэдвийг энэ удаагийн форумаар хөндсөн.

 

Блоггеруудаас эхлээд хэвлэл мэдээллийн томоохон корпорациуд, Facebook, YouTube, Twitter, Amazon, Google зэрэг дэлхийд нөлөөгөө тогтоосон технологийн компаниуд ч “Медиа” гэсэн нэгэн талбарт хамт тоглож, бас өрсөлдөж байна. Хэвлэл мэдээлэл дэх “хүчний шилжилт” (shifting powers) тэдний дунд өрнөж буй юм. 

 

Тэгвэл фэйсбүүк хэвлэл мэдээллийн голлон тоглогч мөн үү?

 Уламжлалт хэвлэл мэдээллийн төлөөлөл “Сошиал медиа бол хэвлэн нийтлэгч бөгөөд тэд хариуцлага хүлээх ёстой” хэмээн үзсэн бол харин Фэйсбүүк компанийн төлөөлөл “Бид зөвхөн мэдээллийг түгээгч платформ” хэмээн тайлбарлаж байна.

 

 Гэвч сошиал медиа асар олон хэрэглэгчид хүрч буйн хувьд нийгмийн хариуцлага хүлээх ёстой. Энэ ч утгаараа фейсбүүк компани талуудын түншлэлд ач холбогдол өгч Фэйсбүүк сэтгүүл зүйн төсөл (Facebook Journalism Project) -ийг эхлүүлж, форумыг мөн ивээн тэтгэжээ.   

 

Олонх панел хэлэлцүүлэгт фэйсбүүк компанийн төлөөлөл оролцон, сошиал медиа хүмүүсийн харилцааг хэрхэн өөрчилж байгаа хийгээд шүүмжлэлт хэвлэл мэдээллийн талбарыг үгүй хийж байгээ эсэх сэдвээр бие даасан илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ. Сэтгүүлчид сошиал медиагаас ангидаар асуудлаа хэлэлцэж, шийдлээ хайх боломжгүй цаг үед ажиллаж байгаа тул үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх л үлджээ.  

 

 Дэлхийн олон орон 2017 онд улс төрийн сонголтоо хийсэн. Хэвлэл мэдээлэл дэх хүчний шилжилт олон нийтийн итгэл үнэмшлийг тээж ирсэн уламжлалт хэвлэл мэдээллээс сошиал медиа руу ханарсныг сонгуулиудын үр дүн харуулсан. Нөгөө талаар сэтгүүл зүйд өмнө тохиож байгаагүй их хэмжээний хуурамч мэдээлэл, үзэл суртал /пропаганда/, үзэн ядах үг хэллэг сошиал орчинд газар авч буйд мэргэжлийнхэн санаа зовж, үүнийг зохицуулах арга замуудыг ч эрэлхийллээ.  

 

“Улс төрд ч, хэвлэл мэдээлэлд ч хүчнүүдийн шилжилт өрнөж байна. Үүнд шинэ технологи, сошиал медиа хамгийн их нөлөөтэй. Хуурамч мэдээллийг түгээгчид нь сэтгүүлчид биш улс төрчид. Хэвлэл мэдээллийн хүч технологийн компанид бус шилдэг контент, шилдэг сэтгүүлчдийн гарт бий”  хэмээн Энэтхэгийн Индиа Түдэй (India Today) группын үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч Арүүн Пьюрре форум дээр онцолсон юм.

 

 

 

Бэлтгэсэн: Г.Гүнжидмаа

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД