Мэдээ, мэдээлэл

“Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” цуврал сургалт боллоо
“Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” цуврал сургалт боллоо

“Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” цуврал сургалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Улаанбаатар хот, орон нутгийн  хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулан “Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” цуврал сургалтыг 2021 оны наймдугаар сарын 27, есдүгээр сарын 3, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

 

Энэхүү цуврал сургалтад  Жендэрийн шинжээч Б.Онон, сэтгүүлч, судлаач Б.Мөнхчимэг нар илтгэгчээр оролцож  жендэр ба хөгжил, редакцын үйл ажиллагаа болон хэвлэл мэдээллийн агуулга дахь  жендэрийн тэгш байдал,  эх сурвалжийн хүйсийн тэнцвэр  гэх мэт  сэдвийн хүрээнд нийт 80 гаруй сэтгүүлчдэд мэдлэг мэдээллийг олголоо. 

 

Жендэрийн шинжээч Б.Онон Жендэр ба хөгжил сэдвийн хүрээнд Монгол Улс дахь жендэрийн тэгш байдлыг хангах онцлог, эрх зүйн болон бодлогын орчин, тогтолцооны талаар танилцууллаа. Мөн тэрбээр илтгэлдээ эмэгтэйчүүд ба хөгжил хандлагыг “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээ, тулгамдсан асуудалд эн тэгш анхаарах замаар нийгмийн тогтолцоо, хандлагыг өөрчлөн  хөгжлийг хүн бүрт чиглүүлж, тэднийг оролцуулсан бодлого юм”  хэмээн тайлбарлаж байв. 

 

Мөн сэтгүүлч, судлаач Д.Мөнхчимэг BBC, Bloomberg, New York Times зэрэг олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн шилдэг туршлагаас танилцуулсан нь үр өгөөжтэй байлаа.  

 

ЖҮХ-ны Тогтвортой хөгжлийн бодлогын Хэлтсийн дарга С.Батцэцэг “Жендэрийн тэгш байдал зөвхөн нэг салбарын биш, бүхий л салбарыг хамарсан хөгжлийн асуудал тул дэлхий даяар энэ асуудалд анхаарал хандуулж байна” хэмээн орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан сургалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

 

Түүнчлэн peak.mn сайтын эрхлэгч Б.Цэрэндолгор редакцын бодлогодоо жендэрийн мэдрэмжийг хэрхэн тусгахыг зорьж байгаа тухай, МҮОНР-ийн сэтгүүлч Б.Батзаяа жендэрт суурилсан хүчирхийллийг хэрхэн сурвалжилсан туршлагаасаа Улаанбаатар хотын телевиз радиогийн болон орон нутгийн сэтгүүлчдэд хуваалцлаа. 

 

Хэлэлцүүлгийн үеэр оролцогч сэтгүүлчид эдийн засаг, нийгмийн аливаа статистик мэдээллийг уншихдаа хүйсийн бүтэц байгаа эсэхийг анзаарах, редакцын үйл ажиллагаа дахь хүйсийн тэнцвэрт байдлыг хангаж ажиллах, зарим сэдэв дээр эмэгтэй болон эрэгтэй эх сурвалжаас тэнцвэртэйгээр яриа авах нь шинэлэг, цаашид бодууштай зүйл байна гэдгийг хэлж байв. 

 

Хэнтий аймгийн Өндөрхаан Телевизийн захирал Ө. Одмаа “Энэ сэдэв бол бидний хувьд шинэлэг, сонирхолтой сэдэв юм. Манай редакцын хүйсийн бүтэц харьцангуй тэнцвэртэй  байдаг. Харин агуулын хувьд жендэрийн мэдрэмжтэй ажиллахын тулд  сэтгүүлчдэд зориулсан мэргэжлийн сургалт хэрэгтэй байна” гэв. 

 

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхалт болон хэвшмэл буруу ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн, ёс зүйн шаардлага учраас ийнхүү Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр тус сургалтыг гурав дахь удаагаа  зохион байгууллаа. 

 

 

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД