Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмыг хөгжүүлэхийг ХБТМ-аас онцоллоо

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмыг хөгжүүлэхийг ХБТМ-аас онцоллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс боловсруулсан хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрмийг сайжруулах замаар сэтгүүл зүйн шударга байдлыг цаашид сайжруулах, эрх зүйн арга замуудаас гадна өөрийн зохицуулалтын механизмыг бүрдүүлэх нь чухал болохыг Нээлттэй Засгийн Түншлэлийн Хараат бус тайлагналын механизм (ХБТМ)-аас онцолжээ. Энэхүү зөвлөмжийг НҮБ-ын зүгээс өгч буйг мөн дурьдсан байна. 

Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний үйл ажиллагааны V төлөвлөгөө боловсруулах явцыг НЗТ-ийн Хараат бус тайлагнах механизмаас дүгнэж, зөвлөмжөө оролцогч талуудад 9-р сарын 05-нд ирүүлжээ. Уг төлөвлөгөөний 4 дүгээр үүрэг амлалт нь Ардчиллыг бэхжүүлэхийн тулд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, мэдээлэл олж авах, түгээх чиглэлээр хэвлэл мэдээллийн хууль, эрх зүйн  таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. 

ХБТМ-ын зүгээс 4-р үүрэг амлалтыг “Хуулийн болон бусад арга замыг ашиглан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах асуудлыг огцом сайжруулах боломжтой” хэмээн дүгнэсэн. Мөн тус тайланд “Нийтэд нь авч үзвэл тухайн үүрэг амлалт нь өмнөх үүрэг амлалтыг дараагийн түвшинд гаргасан, зөвхөн одоо яригдаж буй хуулийн нэмэлт, өөрчлөлтөд баригдахгүйгээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах чухал алхам болжээ” хэмээн онцолжээ.

Түүнчлэн уг тайланд Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц ахиц муутай байгааг харгалзан үзэж төрийн байгууллагыг төлөөлөл иргэний нийгмийн нөлөөлөгч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай эх үүсвэрийг гаргах, улс төрийн дэмжлэг авах зэрэг чухал ач холбогдолтой байгааг дурдсан байв. 

Энэхүү үүрэг амлалтын хүрээнд :

- Сэтгүүлч, тэдний эх сурвалжийг албадан саатуулах, эх сурвалжийн нэрийг илчлэхийг шаардахаас хамгаалах зорилгоор Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах санал;

- Хэвлэл мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг ил тод болгох тогтолцоог нэвтрүүлэх Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах санал;

-Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөний зарчимд үндэслэн тодорхой шалгуурууд гаргаснаар төрөөс хэвлэл мэдээллийн сүлжээг хязгаарлах эрх зүйн үндсийг хязгаарлах зорилготой Харилцаа холбооны тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах санал;

- Сэтгүүлчдэд төрийн мэдээлэлд нэвтрэх бололцоог олгох зорилготой Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал, ялангуяа 13 дугаар зүйлийн 13.2 болон 14 дүгээр зүйлийн 14.1-р заалтыг хүчингүй болгох санал;

- Хүний болон бизнесийн нэр хүндэд “хор хохирол учруулсан” мэдээлэл түгээх үйлдлийг эрүүгийн хэрэг болгон хуульчилсан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтыг хуулиас хасах санал;

- Орон нутгийн түвшинд хүний эрхийн тайлан гаргах зэрэг саналыг тусгасан байна. 

Энэхүү үүрэг амлалтын хэрэгжүүлэгчээр Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж, Хэвлэл мэдээллийн зөвлөл, МОНЦАМЭ, Монголын Хэвлэлийн хүрээлэн, Азийн сан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нээлттэй нийгэм форум, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв дэмжин ажиллаж, саналаа оруулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.