Гомдол

Гомдол хүлээж авах, барагдуулах журам

Гомдол хүлээж авах, барагдуулах журам

ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ, БАРАГДУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1 Хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлж, нэвтрүүлсэн сэтгүүлзүйн бүтээл “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзсэн аливаа этгээд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд \цаашид зөвлөл гэнэ\ гомдол \цаашид гомдол гэнэ\ гаргаж болно.

1.2 Зөвлөл нь зөвхөн хэвлэмэл болон онлайн хэвлэл, радио, телевизийн сэтгүүлчийн бэлтгэж түгээсэн аливаа сэтгүүл зүйн бүтээл болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн албан ёсны сошиал хуудсаар түгээгдсэн аливаа сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг авч гомдлыг авч хэлэлцэнэ.

1.3 Зөвлөлд ирүүлсэн нийт гомдол, Ёс зүйн хороодын /цаашид хороо гэх/ хурлаар хэлэлцэж дүгнэлт гаргасан гомдлын статистик мэдээллийг улирал тутам олон нийтэд нээлттэй мэдээлнэ. 

Хоёр. Гомдол хүлээж авах 

2.1 Гомдол ирүүлсэн өдрөөс өмнөх 90 хоногт нийтлэгдэж, нэвтрүүлсэн материалтай холбоотой гомдлыг өргөдөл, бичгийн хэлбэрээр хүлээж авна.

2.2 Гомдлын өргөдөлд дараах материалыг заавал хавсаргасан байна. Үүнд: 

      2.2.1 Огноо, цаг хугацаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр

      2.2.2 Гомдол гаргаж байгаа үндэслэл, шалтгаан, тайлбар

      2.2.3 Зөрчсөн гэж үзсэн ёс зүйн зарчмын заалт

      2.2.4 Хэвлэмэл хэвлэлийн хувьд тухайн материал нийтлэгдсэн огноо, цаг хугацаа харагдахуйц эх хувь

      2.2.5 Сайтын хувьд тухайн мэдээлэл гарсан хуудас \screenshot\, линкийг хавсаргах

      2.2.6 Радио телевизийн хувьд тухайн радио, телевизийн нэр, лого, нэвтрүүлгийн нэр, эфирт цацагдсан цаг хугацаа, видео болон аудио                   хуулбар                      

2.3 Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа, зар сурталчилгаатай холбоотой, түүнчлэн сэтгүүлчийн мэдлэг боловсрол, биеэ авч явах байдал зэрэг хувь хүний шинжтэй, ерөнхий агуулгатай, тодорхой бус, буцах эзэн, хаяггүй гомдлыг хүлээж авахгүй

Гурав. Гомдлыг хянаж үзэх 

3.1 Гомдлыг Хэвлэлийн зөвлөлийн Ажлын алба \цаашид ажлын алба гэнэ\ хүлээн авч бүртгэнэ.

3.2 Энэ журмын 2.3 дахь заалтад заасан ёс зүйн асуудалд үл хамаарах гомдлын хариу тайлбарыг Ажлын албанаас бичгээр хүргүүлнэ. 

3.3 Энэ журмын 3.2 дахь заалтад заасан тохиолдолд тайлбарыг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор дахин гомдол гаргах эрхтэй. 

3.4 Гомдол гаргагч Зөвлөлд хандан гомдол гаргахдаа эсхүл гаргасныхаа дараа хорооны хуралдаанаас өмнө тухайн асуудлаар шүүх, цагдаагийн байгууллагад нэхэмжлэл гаргасан тохиолдолд гомдлыг хэлэлцэхийг хойшлуулж болно. Ингэж хойшлуулсан тохиолдолд анхан шатны шүүх хурлын эсхүл цагдаагийн байгууллагаас зөрчлийг хянан шийдвэрлэсний дараа гомдлыг хэлэлцэнэ.

3.5 ХМЗ нь гомдол хаяглагдсан этгээдэд гомдол ирсэн талаарх мэдээллийг хүргэнэ. ХМБ-ууд нь энэ тухайд бичгээр хариу тайлбар өгнө. Мэдээлэл хүргүүлснээс хойш хариу тайлбар өгөх хугацаа Улаанбаатарт ажлын 10 хоног, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд ажлын 15 хоног байна. 

Дөрөв. Хороодын хуралдаанд бэлдэх 

4.1 Ажлын алба нь гомдлыг ирсэн дарааллынх нь дагуу хуралдаанд оруулахаар бэлтгэж, зохих материалыг бүрдүүлнэ.

4.2 Хэрэв гомдол гаргагч өргөдлөө эргүүлэн татсан бол гомдлыг барагдуулсанд тооцно.

4.3 Хорооны гишүүдтэй ярилцсаны үндсэн дээр тухайн жилийн хуралдааны товыг жилийн эхэнд товлоно. Шаардлагатай тохиолдолд төлөвлөсөн хуралдааны товыг өөрчилж болно. 

4.4 Ээлжит бус хуралдаан хийх эсэхийг Ёс зүйн хорооны дарга Ажлын албатай зөвшилцөж шийднэ. 

4.5 Ажлын алба нь хороодын хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хариуцаж,  хангана. Үүнд:

4.5.1 Гомдол, түүнийг дагалдах бичиг баримт, гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүлсэн тайлбар зэрэг шаардлагатай материалыг хуралдаан болохоос ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө хорооны гишүүдэд хүргүүлнэ.

4.5.2 Хуралдааны байр, шаардлагатай техник хэрэгсэл, баримт бичгийг урьдчилан бэлтгэнэ.

4.6 Гишүүд хуралдаанд өөрийн биеэр оролцох үүрэгтэй. Зөвхөн орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд хүндэтгэх шалтгаанаар хуралдаан болохоос өмнө бичгээр эсвэл хуралдаан болж байх үед утсаар санал өгөх нь зөвшөөрөгдөнө.

4.7 Гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад харъяалагдах гишүүн өөрийнх нь байгууллагатай холбоотой гомдлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана.

4.8 Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн гишүүнийг хуралдаанд оролцуулахаас татгалзах хүсэлтийг бусад гишүүд тавьж болно. Энэ тохиолдолд тухайн гишүүний хуралд оролцуулах эсэх асуудлыг гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэнэ.

4.9 Ямар ч тохиолдолд хорооны хуралдааныг зөвхөн хаалттай хийнэ.

Тав. Хорооны хуралдаан

5.1 Хорооны хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа, гишүүдийн 60-аас доошгүй хувийн ирцтэй үед хийнэ.

5.2 Хуралдааныг хорооны дарга, түүний эзгүйд хорооны даргын орлогч удирдана. Харин хорооны дарга, орлогч даргын аль аль нь эзгүйд хуралдаан даргалагчаар хорооны дарга аль нэгэн гишүүнийг санал болгож, хуралдаанд ирсэн гишүүдийн олонхийн шийдвэрээр батална.

5.3 Хорооны гишүүд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын хүрээнд гомдол, түүнийг дагалдах баримт бичгийг нэг бүрчлэн нягтлан хэлэлцэж, дүгнэлт гаргана. Дүгнэлт гаргахдаа редакциас уг гомдлын талаар ирүүлсэн хариу тайлбарыг харгалзан үзнэ. 

5.4 Тухайн гомдол үндэслэлтэй эсэх, сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх, дүгнэлтийнхээ үндэслэлийн талаархи санал бодлоо гишүүд нэг удаадаа дөрвөн минутаас хэтрэхгүй хугацаанд товч, тодорхой илэрхийлнэ.

5.5 Хуралдаанд хөндлөнгийн, хараат бус судлаач, мэргэжилтнийг урьж, гишүүд хэвлэл мэдээллийн мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйн асуудлаар зөвлөлгөө авч, саналыг нь сонсож болно.

5.6 Гомдлыг хэлэлцэж дуусах үед Хорооны дарга хэлэлцсэн асуудлаар нээлттэй санал хураалтаар гишүүдийн олонхийн саналаар дүгнэлтийг батлана.

5.7 Гишүүд гомдлыг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэсэн, гишүүдийн хэлсэн үг, гаргасан санал, шийдвэр гаргах явц зэрэг хуралдааны талаархи бүхий л мэдээллийн нууцлалыг чандлан сахих үүрэгтэй.

5.8 Хуралдааны тэмдэглэлийг Ажлын албаны мэргэжилтэн хөтөлж баримтжуулна. Хуралдааны тэмдэглэлийг онлайн хэлбэрээр ажлын тав хоногт багтаан баталгаажуулж болно. Энэ хугацаанд хариу өгөөгүйг тэмдэглэлийг зөвшөөрсөнд тооцно.

5.9 Хуралдаанаар хэлэлцүүлсэн гомдол, түүнийг дагалдах баримт бичиг, хурлын протокол, шийдвэр зэргийг хавтас хэрэгт баримтжуулна.

Зургаа. Хуралдааны тогтоол гаргах 

6.1 Хуралдаанаас гомдол үндэслэлтэй байсан эсэхийг нягталж, хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл хэлэлцэж, хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, эс зөрчсөн гэсэн дүгнэлт гаргана.

6.2 Хэрэв гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллага хуралдаанаас өмнө залруулгыг нийтэлсэн тохиолдолд хуралдаанаар гомдлыг авч хэлэлцээд гаргасан алдааг нь олон нийтэд мэдээлэхгүй, харин тухайн шийдвэрийг олон нийтэд хүргэнэ. 

6.3 Дүгнэлтийг үндэслэн хорооноос дараах хэлбэрийн шийдвэр дагалдан гаргана. Үүнд:

     6.3.1 Зөрчил гаргаагүйг мэдэгдэх

     6.3.2 Зөрчлөө өөрсдөө залруулсныг мэдээлэх

     6.3.3 ХМБ-ын нэрийг дурьдаж зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх

6.4 Хуралдааны шийдвэр хорооны тогтоол хэлбэрээр гарах ба тогтоолд хорооны дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

6.5 Гомдол гаргагч болон гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад мэдэгдсэний дараа шийдвэрийг олон нийтэд хүргэнэ. 

6.6 Хорооны шийдвэрийг гомдол гаргагчид болон гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.

6.7 Хорооны хурлыг шийдвэрийг гомдол хаяглагдсан болон бусад хэвлэл мэдээллийн байгууллага нийтэлнэ.

Долоо. Шийдвэрийг дахин авч хэлэлцэх 

7.1 Хорооны шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын 10 хоногоос доошгүй хугацаанд гомдол гаргагч Зөвлөлд хандах эрхтэй. 

7.2 Энэ нөхцөлд гомдлыг тухайн Ёс зүйн хороодын хамтарсан хуралдаанаар асуудлыг дахин хэлэлцэж, шийдвэрлэнэ.

7.3 Хамтарсан хуралдааны ирц Ёс зүйн хорооны гишүүдийн 50-аас дээш хувьтай байх тохиолдолд гомдлыг хэлэлцэнэ.

7.4 Хамтарсан хуралдааныг тухайн гомдлыг хэлэлцээгүй Ёс зүйн хорооны дарга, түүнийг эзгүйд орлогч дарга нь удирдана. 

7.5 Хамтарсан хуралдаанаас гаргасан шийдвэр эцсийнх байна. 

Найм. Сонгууль 

8. Сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа богино байгааг харгалзан үзэж сонгуульд нэр дэвшигч улс төрийн нам, нэр дэвшигчидтэй холбоотой гомдол ирвэл богино хугацаанд шийдвэрлэнэ. Гомдлын дагуу редакцаас авах тайлбарыг ажлын нэг өдрийн дотор авна. Мөн Ёс зүйн хороодын гишүүдийн гомдол хэлэлцэх тухай шуурхай хуралд ирэхэд бэлэн байхаар зохицуулах үүргийг Ажлын алба хүлээнэ. 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД